"Охин минь гэртээ ирээд намайг хаашаа ч хамаагүй явуулаад өгөөч гэсэн"

Эрх зүй

БНСУ-д дээд ангийн дөрвөн охиндоо зургаан цаг зодуулсан 13 настай Монгол охины ээж мэдээлэл өглөө. 

Хохирогч охины ээж: Охиныг минь зургаан цаг зодсон. Бичлэг хийсэн байсан. Одоо болтол дарамт нь дуусаагүй. Хоёр хоногийн дараа охиныг маань явуулсан. Охин маань өөрөө гуйсан байгаа юм. “Би та нарт дараа болох янз бүрийн асуудал гаргахгүй ээ. Намайг гэр рүү минь л явуулчих” гэсэн байгаа юм. Тэгээд над руу хоёр хоногийн дараа шөнө 12 цагт нэг охин залгаад “охиныг чинь олчихлоо” гэсэн. Очиход цагдаа нар ирсэн байсан. Бид охиноо гэртээ ирэхгүй байхаар нь цагдаагийн газарт бүртгүүлсэн байсан. Тэгсэн чинь цагдааг нь тэр хүүхдүүд таньдаг байсан юм шиг байна лээ. Очиход “бороонд норчихсон гадаа байж байхад нь бид нар оллоо” гэж цагдаа нь хэлсэн. Тухайн үед маск зүүчихсэн байсан болохоор анзаараагүй. Гэртээ ирээд харсан чинь хоёр хацар нь хавдчихсан байсан. Хоёр хоногийн өмнө хайж тэр зодсон охидынх нь гэрт очиход байсан юм байна лээ. Намайг гэрт нь очиход охиныг маань “чи гарч болохгүй ээ. Чамайг гэртээ нууж орогнуулсан гээд бид нарын буруу болно гээд тагтан дээрээ гаргаад нуучихсан байгаа юм. Манай охин гарах гээд гарч чадахгүй байсан юм байна лээ. Би тэдний гэрт цаг гаран болж байхад охиныг гаргахгүй нуусан байгаа юм. Тэнд байсан охидоос нь асуухад нэг охин нь өөдөөс уурлаад, нэг охин нь та утасны дугаараа өгчих, бид холбогдвол тань руу ярья гэсэн. 

Охиныг маань тамхины ишээр түлж, хүчээр архи уулгаад, зодсон байсан. Гэртээ ирсэн ч охин минь юу ч хэлэхгүй байсан. Гэртээ очоод элдэв юм хэлвэл чамайг бид нар алсан ч чадна гээд сүрдүүлсэн байгаа юм. Цагдаад охины нүүр ингэсэн байна, зодуулсан байна гээд хэлтэл гт тоогоогүй.  Охин маань хоёр хоногийн дараа л юм ярьж зодуулснаа хэлсэн. Гэхдээ цагдаад битгий хэл, намайг зүгээр хаашаа ч хамаагүй явуулаад өгчих гэсэн.

Тэгээд охиноо ятгаж цагдаад мэдэгдсэн. Гэтэл цагдаа нар хэрэгт холбогдогчдод хөнгөн шийтгэл өгсөн. Харин манай охин одоог хүртэл айдастай, сэтгэл зүйн дарамттай, байнгын нөгөө асуудал нь давтагдаж байна.  Нөгөө охид нь одоо ч гэсэн залгаад дуудан, дарамтлаад байгаа. Чи одоо ингэ, тэг гээд байнга дарамтлаад байгаа. Нийлдэг найзууд нь хүртэл зай барьж, миний охин хичээлдээ явахгүй байгаа. Нөгөө охид нь найзуудыг нь охинтой маань нийлвэл адилхан болгоно, зодно гэж дарамталсан. Хэсэг хугацааны дараа зодсон охид нь охиныг маань дээвэр дээр гарч ир гэж дуудсан. Цагдаад хэлэхээр мэдүүлэг авна л гэдэг. Зодуулж байгаа бичлэгийг нь цагдаад өгсөн. Гэхдээ цагдаа нар авч хэлэлцээгүй. Охин руу маань шууд дайралт хийсэн, нотлох баримтгүй байж юунд ч хүрэхгүй гэсэн.  Сүүлдээ цагдаа нар нь өөдөөс уурлаад бид шалгана гэдэг л хариулт өгсөн" гэлээ.