Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг таслан зогсооход оролцсон иргэнийг урамшуулна

Эрх зүй

Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг салбар яамны мэргэжилтэн онцолж байна. Дээрх гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах хуульд заасан зохицуулалтын хүрээнд иргэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг хүслээ.

Түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалж байгаа хүмүүсийн цалин хөлс бага байдаг нь дээрх хүмүүс өөрсдөө гэмт хэргийн сэдэлтэй зүйл үйлдэх гол нөхцөл болдог байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 700-800 алба хаагч соёлын өвийг бүртгэх судлах, хадгалж хамгаалах хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлд салбар яам болоод засгийн газар анхаарна гэдгийг хэллээ.

Засгийн газар тогтоол гаргаж орон нутаг бүрт соёлын хэлтэс байгуулахаар шийдвэрлэсэн. Ирэх оноос хэлтсүүдийг ажиллуулснаар соёлын өвийн асуудал цэгцрэх хүлээлттэй байгаа ч дээрх төрлийн гэмт хэргийг таслан зогсооход иргэдийн оролцоо цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал байгааг ийнхүү хэлж байна.