Эрүүл мэнд

Бүгд Найрамдах Солонгос Улсад томуугийн вакцин хийлгэсний дараа 40 гаруй хүн амь насаа алдаад байна. Гэхдээ вакцинаас болсон эсэхийг эцсийн байдлаар тогтоогоогүй байгаа юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө манай улсад Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн вакциныг хийж, хүүхэд багачуудын 90 гаруй хувь хамрагдаад байна. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэг ноцтой хүндрэл, эсрэг урвал үүсээгүй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас тайлбарлалаа.

Монгол Улс 10 сарын 1-нээс 15-ныг хүртэл хүн амын эрсдэлт бүлгийнхнийгээ томуугийн эсрэг вакцинд хамруулсан. Ингэхдээ БНСУ-аас 209,500 тун вакцин авсан бол Бразиль Улсаас 300 мянган тун вакцин нийлүүлж иргэдээ дархлаажуулжээ. Гэтэл сүүлийн үед БНСУ-д 30 гаруй иргэн томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан гэх мэдээлэл тархаад байгаа. БНСУ-ын эрх баригчид нас баралтыг томуугийн вакцинтай холбоогүй гэж тайлбарлаад байна. Солонгос Улсаас ирсэн вакцин хийлгэсэн иргэдэд ноцтой хариу урвал илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин 5 хүүхдэд тариулсан газар нь улайх хавдах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн гэлээ.

О. ДАШПАГМА: БНСУ-ЫН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ХҮМҮҮСЭЭС НОЦТОЙ ХАРИУ УРВАЛ ИЛРЭЭГҮЙ

Манай улсын сүүлийн 4 жилийн хугацаанд БНСУ-аас томуугийн вакцинаа авч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ нь ДЭМБ-аас батлагдсан стандарт шаардлагад нийцсэн албан ёсны вакцин болохыг тодотголоо. Одоогоор 440 мянга гаруй хүн томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Зарим аймгуудад дархлаажуулалт хийгдэж дууссан байна. Вакцин хийлгэсний дараа тухайн хүний биеийн онцлогоос хамаарч халуурах, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Манай улсад хариу урвал үзүүлсэн тохиолдол харьцангуй бага байгаа гэлээ.

Одоогоор томуугийн вакцин хийлгэсэн иргэдээс ноцтой хариу урвал илрээгүй байгаа. ДЭМБ-аас баталгаажсан вакцин учир санаа зовох асуудалгүй гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс вакцинжуулалтад хамрагдаж чадаагүй хүмүүс харьяа дүүргийнхээ өрхийн эмнэлэгт хандаж томуугийн эсрэг вакцинаа хийлгэх боломжтой гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ