УГТЭ бөөр шээсний замын бүх төрлийн мэс заслыг хийж эхэллээ

Үйл явдал

Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг бөөр, шээсний замын өвчлөлийг мэс ажилбараар анагаах боломжтой боллоо. Өмнө нь энэ эмчилгээг улсын хэмжээнд ганцхан нэгдүгээр эмнэлэгт хийдэг байсан байна. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 3-р эмнэлэг мэс ажилбарыг хийх эмч нарыг бэлтгэж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж дуусчээ.

Бөөр, шээсний эмгэг нь Монгол Улсад дээгүүрт ордог өвчлөлийн нэг. Хамгийн өргөн тархалттай таван өвчлөлийн гуравт багтдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэр дундаа бөөр шээсний зам чулуужих өвчин, эрчүүдийн түрүү булчирхайн эмгэг нь зонхилон тохиолддог. Тиймээс УГТЭ нь төлвлөрлийг сааруулах, хүлээгдлээс үүсэх хүндрэлийг бууруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд Урологийн тасгийг шинээр байгуулсан. Тэгвэл тасаг орчин үеийн шинэ дурангийн багаж, тоног төхөөрөмжтэй болжээ. Ингэснээр бөөр шээсний замын бүх төрлийн мэс заслыг хийх бүрэн боломжтой боллоо. 

Цаг агаарын нөхцөл байдал, хувцсаа тохируулан өмсдөггүй, оройтож эмнэлгийн тусламж авдаг зэрэг олон шалтгаанаас үүдэж өвчилдөг. Мөн залуучууд ихэвчлэн өвчилж байгаа нь эмч нарын санааг зовоож байна. Тиймээс шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандахыг зөвлөлөө. 

Урологийн тасаг нь 2020 оны 11-р сарын 02-нд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нийт 250-300 иргэн урологийн бүх төрлийн мэс заслын тусламийг үзүүлжээ.