Дархлаа сэргээх IV тунд 82 мянган хүн хамрагдаад байна 

Үйл явдал

Цар тахлын тархалт намжаагүй байгаа учраас Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан. Мөн баярын өдөр таны биед шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байсан юм. Тэгвэл Цагаан сарын үеэр нийслэлийн ПГУ шинжилгээний цэгт өдөрт 250 гаруй хүн хандсан байна. Үүнээс 10 орчим хувь нь эерэг гарчээ.

Сар шинийн баярын өдрүүдэд дархлаажуулалт болон шинжилгээний цэгүүд хуваарийн дагуу тогтмол ажилласан. Дүүрэг бүрт нэг цэг гаргаж иргэд шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдаж байсан. Тухайлбал, БГД-ийн хэмжээнд тус бүр нэг цэг ажилласан. Баярын өдрүүдэд ПГУ шинжилгээг 250 хүн өгчээ. 

Харин дүүргийн хэмжээнд баярын өдрүүдэд 8 дугаар хорооны ӨЭМТ дэх дархлаажуулалтын цэгийг  тогтмол ажиллуулсан. Амралтын өдрүүдэд өдөрт 10 орчим хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ нь ердийн үеийнхээс хэд дахин буурсан үзүүлэлт болохыг эмч хэлж байна. Харин хэвийн үедээ өдөрт 60-70 хүн гурав болон дөрөвдүгээр тунд хамрагддаг байна. 

Дархлаажуулалтад хамрагдснаар коронавируст халдвар, тэр дундаа 4 дэх давлагаа болсон Омикроны хувилбараас сэргийлэх боломж гэж ДЭМБ-аас мэдэгдэж байгаа юм. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг эмч мэргэжилтнүүд уриалж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх 3 дахь тунд нэг сая, 4 дэх тунд 82 мянга гаруй хүн хамрагдаад байна.