Томуугийн өвчлөл цар тахалтай зэрэгцэн дэгдэх эрсдэлтэй байна 

Үйл явдал

Цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай зэрэгцэн томуу, томуу төст өвчний дэгдэлт асар хурдацтай тархаж байгааг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Өнөөдрийн байдлаар гэхэд эмнэлэгт хэвтэж байгаа нийт хүүхдүүдийн 67 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилжээ. Цаашид амьсгалын замын халдвар улам хурдтай тархах аюултай байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явахгүй байх, дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхийг санууллаа.

Сүүлийн хоёр жил цар тахлын дэглэм баримталсан нь томуугийн халдварыг эрс бууруулахад нөлөөлсөн гэж эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Гэсэн ч өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн томуу, томуу төст өвчний үүсгэгчүүд дэгдэж эхэлснийг эмч нар анхааруулж байна.

Манай улсын хувьд өнгөрсөн намраас эхлэн өвчлөл аажмаар нэмэгдэж эхэлжээ. Өнгөрсөн сард томуугийн А хүрээний H3N2 вирус идэвхжсэн байна. 52 дахь долоо хоногийн байдлаар амбулаториор үйлчлүүлсэн 10 мянган хүн тутамд 16 томуугийн тохиолдол бүртгэгджээ. Амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүмүүс эмнэлэгт хэвтэгсдийн 15 хувийг бүрдүүлж байна. 

Орон нутаг болон нийслэлийг харьцуулахад орон нутагт дэгдэлт, өвчлөл их байна. Хэнтий болон Говь-Алтай аймгуудад алаг цоо өвчлөлийн түвшинд хүрсэн байна. Орон нутагт хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэхэд эрсдэлтэй байна. Хүүхдийн тасагт хэвтэж буй эмчлүүлэгчдийн 47 орчим хувийг амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай хүүхдүүд эзэлж байна. 

Энэ жил томуу, томуу төст өвчний 4-5 вирус, томуугийн "N3H2" вирус зэрэгцэн ороод ирж байгаатай холбогдуулан өвчлөл нэмэгдэж, дэгдэлт үүсэх эрсдэлтэй байна. Мөн Covid-19-тэй зэрэгцэн, томуугийн дэгдэлт үүсэх эрсдэл бийг ч анхаарууллаа.  Томуу, Covid-19 хоёр зэрэг дэгдвэл 5 хүртэлх болон 19-өөс дээш насныхан зэрэг өвчилж, эрүүл мэндийн салбарын ачаалал хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг хэлж байна.