Түймрийн утаа хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг

Үйл явдал

Утаа бүрхээд байгаа ойрын өдрүүдэд бага насны хүүхдийг олон цагаар гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.

ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж агаарын бохирдол үүсгэсээр байна. Уг түймрийн утаа 3000 км-ыг хамарч хойд туйлд хүрсэн гэдгийг НАСА агентлагаас мэдээлжээ. Нийтдээ 3.4 сая га талбай шатаад байгаа түймрийн утаа хөрш орон болох манай улсын хэд хэдэн нутаг дэвсгэрийг бүрхэж нийслэл хотод хамгийн ихээр мэдрэгдэж байна. Тэгвэл түймрийн утаа хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг эмч хэллээ.

Сүүлийн жилүүдэд Сибирийн ойд түймэр гарах нь нэмэгдсээр байгаа. Үүнийг НҮБ-ын цаг уурын мэргэжилтнүүд дэлхийн дулааралтай холбон тайлбарлажээ. Дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа үед түймрийн утаа ихээр тархах нь амьсгалын эрхтнийг хүчтэй цочроодог тул иргэд дараах дэглэмийг мөрдөх хэрэгтэйг ЭМЯ-наас сануулж байна. Үүнд: 

- Шаардлагагүй бол гадагш гарахгүй байх 

- Хаалга, цонхыг онгойлгохгүй байх 

- Дотоод орчинд агааржуулагч болон нарийн ширхэгт тоос шүүгч хэрэглэх 

- Гэртээ тамхи татахгүй, мод, нүүрс, түлэхгүй байх 

- Хүүхэд, жирэмсэн болон настай хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс анхаарал сайн тавих 

- Гадаад орчинд алхах, дугуй унах, биеийн хүчний ачаалалтай ажлыг хязгаарлах

- Гадагш гарахдаа N95 амны хаалт болон зориулалтын шүүлтүүр бүхий маск зүүх

- Гадагш гарахын өмнө агаарын чанарын мэдээллийг шалгаж байхыг зөвлөлөө