Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн 75 хувьд нь ядрах шинж тэмдэг илэрч байна

Ковид-19 /дотоод/

Коронавируст халдварын тархалт өргөн цар хүрээг хамарсаар байна. Эдгэрсэн хүмүүсийн хувьд нөхөн сэргээх эмчилгээг сайтар хийлгэхийг эмч нар зөвлөлөө. Учир нь эдгэрсэн хүмүүсийн 75 хувьд нь ядрах, сульдах, толгой өвдөх хам шинж түлхүү илэрч байна. Энэ зовиур зургаан сараас дээш хугацаанд үргэлжилж байгаа учраас цэвэр агаар сайтар амьсгалж, цагаан идээ хэрэглэхийг зөвлөлөө.

Постковид синдром буюу ковидын дараах хам шинж 6 сараас дээш хугацаанд үргэлжилж байгааг тогтоожээ.

Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст постковид синдром буюу ковидын дараах хам шинж 6 сар буюу түүнээс дээш хугацаанд үргэлжилж байгааг олон улсын эрдэмтэд тогтоожээ. Өвдөөд эдгэрсэн хүмүүст үргэлжилж байгаа шинж тэмдэг нь харилцан адилгүй ч түгээмэл шинжүүд нь ядрах сульдах, хөлрөх, нойргүйдэх, анхаарал төвлөрөл ой тогтоолт муудах ханиах шинжүүд зонхилж байгааг эмч хэллээ.

Тэр дундаа өвдөөд эдгэрсэн хүмүүсийн 75 хувьд нь ядрах шинж тэмдэг илэрч байгаан дээр 3-12 насны хүүхдүүдийн 20 хүртэл хувьд толгой өвдөх, ядрах шинж тэмдгүүд илэрч байгааг тогтоожээ.

Олон улсын нэршлээр постковид синдром буюу ковидын дараах хам шинж нь хүний биеийн дархлаанаас хамаарч харилцан адилгүй хугацаанд үргэлжилж байгааг онцоллоо. Хүний төв мэдрэлийн тогтолцоог ихээр гэмтээж байгаа хам шинжүүд нь 6 сар болон түүнээс дээш хугацаанд үргэлжлэх тохиолдол их байгааг хэлж байна.

Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд ой тогтоолтын болон танин мэдэхүйн олон төрлийн сорилоор судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар ковидын дараа хүний мэдрэлийн эрхтэн тогтолцоо зургаа хүртэл сарын хугацаанд мэдэгдэхүйц мууддаг нь тогтоогдсон. Мөн анхаарал төвлөрөх чадвар нь халдвар авснаас хойш ес хүртэл сарын хугацаанд эрс муудаж байгааг тогтоосон байдаг.

Гэхдээ алдагдсан чадварууд нь 6-9 сарын дотор ихэнхдээ бүрэн сэргэх магадлалтай гэж үзсэн тул иргэд дээрх хугацаанд эм бэлтмэл хэрэглэхээс илүүтэй дархлаагаа дэмжиж, дасгал хөдөлгөөн хийх нь чухал үр дүнтэйг эмч зөвлөлөө.