Өмнөговь аймагт өдөрт коронавирусийн 100-200 тохиолдол бүртгэгдэж байна

Ковид-19 /дотоод/

Коронавируст халдварын тархалт зөвхөн нийслэл бус хөдөө орон нутагт ч эрчимтэй тархсаар байна. Монгол Улсын экспортын гол боомтууд оршиж буй Өмнөговь аймагт халдварын тархалт огцом өсчээ. Өнөөдөр Өмнөговь аймагт орон нутгуудаас халдварын хамгийн өндөр тохиолдол илэрсэн байна. Аймгийн удирдлагууд тархалтыг зогсоох тактик боловсруулж эхэлжээ.

Өмнөговь аймагт сүүлийн нэг хоногт коронавирусийн 167 тохиолдол бүртгэгдсэн байна. Ковид-19 халдвар насанд хүрэгчдээс гадна 0-17 насныхны дунд тархаж байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Тухайлбал, 1-р сарын 23-ны өдрийн байдлаар 0-17 насны 16 хүүхэд халдварт өртжээ.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 416 хүн халдварт өртөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал өндөр байгааг албаныхан онцоллоо. Харин гэрийн тусгаарлалтад 1608 хүн эмчлүүлж байна. 

Өмнөговь аймагт дархлаажуулалтыг эрчимжүүлж байна. Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх гурав дахь тунд нийт иргэдийн 50 хувь нь хамрагдсан байна. Мөн дөрөвдүгээр тунд Өмнөговь аймгийн иргэд идэвхтэй хамрагдаж байгааг танилцууллаа. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагааг ирэх сарын 15-н хүртэл хоригложээ.