Казахстан Улс руу Орос, Беларусийн энхийг сахиулах хүчин орууллаа

Үйл явдал

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев улс орондоо дэгдсэн олныг хамарсан эмх замбараагүй байдал, иргэдийн үймээн самууныг дарах зорилгоор Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад хандантусламж хүссэн. 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Казахстаны эрх баригчдаас тавьсан дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүлээн авч, Төв Азийн энэ улс руу 3,600 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах хүчин эхний ээлжинд илгээх шийдвэр гаргасны дагуу Оросын энхийг сахиулах хүчнийг илгээжээ. 

Казахстанд үүссэн дотоодын хямрал хүчирхийллийг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын 2022 оны 1-р сарын 6-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу Казахстан дахь нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор энхийг сахиулах хүчний илгээсэн байна. Казахстан руу эхний ээлжинд Оросын агаарын десантын хүчний цэргүүдийг илгээсэн байна. Тэд Казахстан дахь төрийн болон цэргийн объектуудыг хамгаалах, нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байна. Түүнчлэн Оросоос гадна Беларусь Казахстан руу 100-300 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчдаа, Тажикистан 200, Армян улс 70 хүний бүрэлдэхүүнтэй хүчнээ илгээх юм. Мөн Казахстанд оруулж байгаа энхийг сахиулах хүчин энэ улсад удаан хугацаагаар байхгүй, нөхцөл байдал тогтворжсон даруйд эргэн гарах юм байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ болон Тажикистан улсууд нэгддэг юм. “Хийн жагсаал”-аас үүдэлтэй дотоодын эмх замбараагүй байдлаа эв зүйгээр шийдвэрлэх, хямралыг газар авхуулахгүйн тулд Казахстаны ерөнхийлөгч Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад нэгдэгч улс орнуудад хандан тусламж хүсчээ. Энэхүү байгууллага нь гэрээнд нэгдэгч улс орнуудад халдлага хүчирхийлэл, эмх замбараагүй байдал дэгдсэн тохиолдолд шаардлагатай дэмжлэг туслалцаа, тэр дундаа цэргийн дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг юм.