Коронавирусээр өвчилсөн, вакцин хийлгэсэн иргэдийн дархлаа Омикроны хүндрэлээс хамгаалж байна

Эрүүл мэнд

2021 оны 11 сарын 27-ноос хойш нийт Монгол Улсын хилээр 95 олон улсын нислэгээр 9723 зорчигч иржээ. 

Эдгээрээс одоогийн байдлаар эхний шинжилгээгээр 63 давтан шинжилгээгээр 75 тохиолдол батлагдсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудад үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа, одоогийн байдлаар эдгээр шинжилгээнээс Омикрон хувилбар илрээгүй гэдгийг ЭМЯ-аас онцоллоо. 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О. Батбаяр: 

"Энхийг сахиулагчдын нислэг тусдаа байгаа. Нэг удаагийн нислэгээр 240 цэрэг ирсэн. Эдгээр иргэдээс мөн омикрон хувилбар илрээгүй. Ойрын хугацаанд цэргүүд гэртээ гарахаар бэлдэж байгаа. Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нислэг 12 сарын 24-нд Тайландаас ирсэн нислэг байгаа. Энд эхний нислэгээр 4 давтан шинжилгээгээр 10 илэрсэн. Гэхдээ омикрон бүртгэгдээгүй. Харин дэлхийн 100 гаруй улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Дэлхий дахинд омикрон хувилбартай холбоотой олон судалгаа хийгдсэн.

Халдвар хамгийн их бүртгэгдэж байсан Өмнөд африк, Их британи улсад нэг сарын дараагаар омикрон хувилбарын тохиолдол буурч эхэллээ. Урьд нь халдвар авч өвчилсөн, вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлаа омикрон хувилбарын үед  илүү үр дүнтэй хариу урвал үзүүлсэн нь судалгаагаар тогтоогдсон. Ингэснээр хүндрэл, нас баралт бага бүртгэгдсэн байна. 

Тиймээс 3-р тунд хамрагдахыг иргэдэд зөвлөж байгаа.  Мөн бид хилийн хяналтаа чангатгаж байгаа. Ингэснээр омикрон хувилбарыг дотоодод тархаахгүй байх боломжтой гэж үзэж байгаа" гэлээ. 

Израйль улс эрүүл мэндийн ажилчид болон 60-аас дээш насны иргэддээ IV тун вакциныг хийж эхэлсэн. Харин манай улсын хувьд дөрөвдүгээр тун вакцин хийх талаар судалж байгаа гэдгийг албаныхан онцоллоо.