1-2 сарын дараа “Дельта ба Омикрон” хавсарсан давлагаа гарах эрсдэлтэй байна

Эрүүл мэнд

ЭМ-ийн сайдын зөвлөх О. Батбаяр: "Омикрон хувилбар одоогоор 86 оронд бүртгэгдсэн байна.

1-2 сарын дараа дэлхийн улс орнуудад "Дельта ба Омикрон" хувилбар хавсарсан давлагаа үүсэх эрсдэл бий болоод байна. "Дельта ба Омикрон" хувилбараар өвдөж байгаа тохиолдол ч бүртгэгдэж байна. 

Омикрон хувилбар нь цагаан мөгөөрсөн хоолойн салстад дельта хувилбараас 70 дахин хуваагдан орж байгааг нотолсон бөгөөд халдварлах чадвар өндөр байгаагаас уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч олшрон үрэвсэл үүсгэж байгаа судалгаа гарсан байна.

Омикрон хувилбарын голлон бүртгэгдэж байгаа таван шинж тэмдэг бол амьсгалын дээд замтай холбоотой буюу нус гоожих, найтаах, ханиах, бронхетийн шинж тэмдэг давамгай илэрч байна. Мөн толгой өвдөх, ядарч сульдах шинж тэмдэг илэрч байгаа. Хэрэв танд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн мэт шинж тэмдэг илэрч байвал энэ нь омикрон хувилбар байх эрсдэлтэй гэж улс орнууд иргэддээ мэдэгдэж байна. 

Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа богиноссон бөгөөд халдвар авснаа мэдэхгүйгээр олон хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Иймээс улс орнууд зул сарын өргөн хэмжээний хүлээн авалтыг хориглох зөвлөмж, шийдвэр гаргаж байна. Шинж тэмдэг хүнд, нас баралт өндөртэй вирусийн хувилбарын хувьд өвчтөн хурдан нас барснаар олон хүнд халдвар тараадаггүй. Харин нууц үеийн хугацаа богино хувилбарын үед илүү олон хүнд халдвар тараадаг. Омикрон хувилбарт энэ шинж тэмдэг байна" гэлээ.