Хөвсгөл аймагт шүлхий өвчний 14 голомт бүртгэгджээ

Нийгэм

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн.

Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн тавхан сумын  10 багт 14  голомт бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний голомт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж  аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дэглэмийг чанд сахин мөрдөхийг үүрэг болгожээ. 

Тухайлбал, бэлчээр, нутаг сэлгэх, голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг хориглоно. Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч  орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглож буй аж.

Мөн шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдсэн талаар Мал эмнэлгийн газраас мэдээлсэн. Одоогоор малын халдварт өвчин болох шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийж байна.