Эрүүл мэнд

Элэгний B, C вирусын шинжилгээ хийх эрхтэй 28 лабораторит хяналт шалгалт хийжээ. Шалгалтыг Эрүүл мэндийн даатгалынсан улсын болон хувийн хэвшлийн лабораторийн төлөөллүүдтэй хамтран явуулсан байна. Ингэхэд нэр бүхий 15 лаборатори зөрчилтэй гэж үнэлэгджээ. Зөрчилтэй лабораториудын шинжилгээ хийх гэрээг түр түтгэлзүүлж, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар өгчээ.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх 28 лабораторийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцахаар гэрээ байгуулсан байдаг. Эдгээр лабораторит даатгалын байгууллагаас Монголын лабораториудын нэгдсэн холбоо, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори, мөн хувийн хэвшлийн лабораторийн төлөөллүүдтэй хамтран хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнд нэр бүхий 13 лабораторийн үйл ажиллагаа хангалттай гэж үнэлэгджээ. Шалгалтад тэнцсэн лабораториуд элэгний B,C вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг үргэлжлүүлэн хийх юм. Харин Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил, дутагдал илэрсэн 15 лабораторийг нэрлэж байна.

Хаппи Веритас, Итгэл,  Онкоген, Гэгээн Ар Үр, Евростандарт, Ай Ти, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори, Мобио, Юби, Багануур ЭМТ-ийн лаборатори, Сүхбаатар аймгийн НЭ-ийн лаборатори, Экспресс, Протлаб, Меданалитик, Гялс АУ-ны төв лаборатори гэсэн нийт 15 лаборатори хангалтгүй гэж үнэлэгджээ. Иймд шинжилгээ хийх гэрээг түтгэлзүүлж, даатгалын санг хохиролгүй болгох, алдаа дутагдлаа арилгах албан даалгавар, зөвлөмж хүргүүлжээ. Нэр дурдагдсан 15 лабораториос Протлаб, Гялс, Меданалитик гэсэн гурван лаборатори төхөөрөмжийн шинэчлэл хийж, гадаад дотоод үнэлгээнд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үргэлжлүүлэн үйлчлэхээр болжээ.