Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Үйл явдал

Арлын Японд хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы нийслэл Токио орчмын бүсэд болсон газар хөдлөлтийн улмаас 16 хүн гэмтэж бэртсэн талаар энэ улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдсэн байна. 

Японы нийслэл Токио болон Сайтама, Чиба, Канагава зэрэг мужид 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

NHK телевизийн сүүлд мэдээлснээр гамшигт үзэгдэлд өртөгсдийн тоо 22 болж нэмэгдсэн байна. Нийтдээ газар хөдлөлтөд Японы 47 мужаас 26 нь өртсөн байна.

Газар хөдлөлтийн улмаас цунами дэгдэх аюул байхгүй байгаа ч бага хэмжээний хохирол сүйрэл учирчээ. Газрын доргилт чичиргээний улмаас зарим газарт усны хоолой задарсан, мөн цахилгааны богино холболт үүссэн зэрэг гэмтлүүд бүртгэгджээ. Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас Токиогийн метро болон Шинкансен хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.