ЕХ-ны орнууд Оросын газрын тосны төлбөрт 20 тэрбум евро төлжээ

Улс төр

Оросын байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтээс хэт хамааралтай байсан Европын орнуудын хувьд Оросын нийлүүлэлтийг нөхөх 3-дагч найдвартай эх сурвалж олох нь толгойн өвчин болоод байгаа. Тиймдээ ч Оросын эрчим хүчний, түлш шатахууны эх үүсвэрээс шууд татгалзах тал дээр ЕХ-ны гишүүн орнууд дотроо ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа нь илэрхий байна. 

Тиймээс Европын зөвлөл Оросын эсрэг 6 дахь багц хоригийг тогтоох дээр зөвлөлдөж, шийдвэрээ гаргахаар яарахгүй байгаа төдийгүй ойрын 6-8 сарын хугацаанд Оросын эсрэг хоригийг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал ч гаргаж байна. Тэгвэл Оросын газрын тосноос ихээхэн хамааралтай Зүүн Европын орнууд, жишээ нь Унгар, Словак зэрэг орнуудын хувьд Оросын газрын тосны нийлүүлэлтээс татгалзахад илүү урт хугацаа шаардагдаж болзошгүй юм.

Унгар улсын хувьд 2021 онд Оросоос түүхий газрын тосныхоо 96%-ийг авсан бол Словак улс 58%-иа Оросоос импортолжээ. Нийтдээ ЕХ-ны орнууд газрын тосны нийт хэрэгцээнийхээ 26%-ийг Оросоос авдаг байжээ. Украины дайн эхэлснээс хойшхи хугацаанд ЕХ-ны гишүүн 27 орон Оросоос авсан нефтийн төлбөртөө 20 тэрбум евро төлжээ.