Киев хотод болсон агаарын цохилтод телевизийн цамхаг өртсөн байна

Эрх зүй

Украины нийслэл Киев хотын телевизийн цамхаг Оросын талаас харвасан пуужингийн цохилтод өртөн сүйджээ.

Энэ талаар Украины Онцгой байдлын албанаас мэдээлж байна. Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдэгдсэнээр халдлага цохилтын дүнд телевизийн цамхагийн трансформаторын дэд станц болон цамхагийн аппаратны хэсэг өртөн сүйджээ.

Киев хотод болсон агаарын цохилтод телевизийн цамхаг өртсөнөөс телевизийн эфир хэсэг зуурт тасалдсан байна. Тэгвэл Оросын Батлан хамгаалах яамнаас Украины нийслэл Киев хот дахь цэргийн объектууд, мөн түүнчлэн Оросын эсрэг мэдээллийн дайн хийж байгаа эх сурвалжийг устгах зорилгоор агаараас цохилт дайралт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэн Киевийн иргэд оршин суугчдыг орон гэрээ орхин аюулгүй газар бараадахыг анхааруулан зөвлөсөн гэжээ. Тэгвэл энэ хооронд Киев хотын дор байрлах Броварт Оросын талаас өгсөн агаарын дайралтын улмаас Украины нийслэл хот руу зүүн талаас орох гол замын дэргэдэх хяналтын пост өртөн, 8 хүн шархаджээ. 

Түүнчлэн Харьков хотын төв мөн Оросын пуужингийн цохилтод өртсөнөөс 10 хүн амиа алдаж, 35 хүн шархадсан талаар мэдээлж байна. Энэ талаар Украины дотоод хэргийн яамны албаны төлөөлөгч мэдэгдэн, халдлагад өртөгсдийн тоо өсч болзошгүй гэжээ. Оросын Батлан хамгаалах яам мягмар гарагт мөн Азовын тэнгис дэх Украины эргийг хяналтандаа авсан талаар мэдээлжээ.