АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоолоо

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын тал Украины зүүн бүс дэх тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхагласан Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ.

Жо Байден ийнхүү мэдэгдэхдээ Оросын тал Донбассын бүс нутаг дахь мужуудын тусгаар байдлыг хүлээн зөвшөөрснөөр Украины нутаг дэвсгэр лүү халдан довтоллоо гэсэн байна. 

Цагаан ордны тэргүүн Оросын санхүүгийн хоёр томоохон байгууллага болох “Внешэкономбанк” болон “Промсвязьбанк”-ны эсрэг бүрэн хориг тогтоож байгаагаа мэдэгдэн, Оросын төрийн өр зээл болоод Оросын элитүүд, бизнесийн төлөөлөгчид хоригт багтаж байгааг мэдэгджээ. Түүнчлэн Оросын улсын өрийн эсрэг иж бүрэн хориг арга хэмжээ авахаа ч Байден онцлон, Америкийн тал Оросын засгийн газарт олгох барууны санхүүжилтээс хасах шийдвэр гаргажээ. Вашингтон Москвагийн эсрэг авах хориг арга хэмжээгээ НАТО-гийн Холбоотон орнуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр авч байгаагаа онцолсон байна. Түүнчлэн АНУ-ын тал Балтийн тэнгисийн улс орнууд дахь цэргийн оролцоо нөлөөгөө нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тухайлбал Эстони, Латви, Литв улсуудад цэрэг батлан хамгаалахын дэмжлэг үзүүлэн, Европын нутагт байрлуулсан цэргийн хүчнээ бэхжүүлж, нэмэлт хөрөнгө хүч илгээхээр тогтжээ. Ийнхүү мэдэгдэхдээ Жо Байден Оросын талтай Украины асуудал, Европ тивийн аюулгүй байдлын асуудлаар дипломат түвшинд яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлсэн байна.