Москва хотын хөрөнгийн бирж шинэ долоо хоногийг уналттай эхлүүлжээ

Үйл явдал

Орос-Украины хоорондын хямралын улмаас дэлхийн хөрөнгийн биржүүд савлагаанд орохтой зэрэгцээд манай хойд хөршийн нийслэл Москва хотын хөрөнгийн бирж мөн шинэ долоо хоногийг уналттай эхлүүлжээ.

Москвагийн биржийн гол индекс болох РТСарилжааны эхэнд ханш нь 8,2%-иар суларч, улмаар 9,4%-д хүрснээр 2020 оны 11-р сараас хойш анх удаа 1,100-аас буусан байна. 

Биржийн шинжээчдийн үзэж байгаагаар Москвагийн биржийн гол индекс 2008 оноос хойш анх удаа ийнхүү унасан байна. Украины эсрэг дайн дэгдэж болзошгүй, мөн Оросын эсрэг дэлхийн улс орнууд ээлж дараалан хориг арга хэмжээ авч байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдыг рублийн активаа татахад хүргэж байна. Ингэхдээ биржийн арилжааны уналтад “байгалийн хийн” салбарын үнэт цаас, хувьцааны үнэ хамгийн ихээр буужээ. Түүнчлэн Оросын Хадгаламжийн банкны хувьцааны үнэ арилжааны явцад 21%-иар, “Яндекс” индексийнх 19%-иар, “Газпром” компанийх 11%-иар тус тус бууж, биржийн “улаан бүс”-д Оросын бараг бүхий л компаниуд багтжээ.

Мөн биржийн арилжааны явцад рубль болон ам. долларын ханшны зөрүү нэмэгдэж, 1 доллар-79 рубльтэй тэнцэж, харин 1 евро-90 рублийн ханшид очиж нэмэгджээ. Шинжээчид дэлхийн улс орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаагаас Оросын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа энэ чигтээ савлагаанд орж, ханш үргэлжлэн унах болно гэж таамаглаж байна.