Юнис шуурганы улмаас Европын орнуудад 16 хүн харамсалтайгаар амиа алдсан байна

Үйл явдал

Баруун Европын нутгаар өнгөрч байгаа долоо хоногт Юнис нэр авсан хүчтэй салхи шуурга дэгдсэн. Тэгвэл Юнис шуурганы улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Европын орнуудад 16 хүн харамсалтайгаар амиа алдсан байна. 

Их Британид салхины хүч цагт 200 км хүртэл ширүүсэн шуурч байжээ. Гамшигт үзэгдлийн улмаас 400-аад мянган айл өрх гэрэл цахилгаангүй хоцорсон байна. Түүнчлэн хүчтэй салхины улмаас Лондон хотын 02 цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хэсэгчлэн хууларсан юм. Мөн Сомерсетэд 19-р зууны дунд үед баригдсан эртний сүмийн орой хүчтэй салхинд хуулран, нурж сүйджээ.

Цаг агаарын таагүй байдлын улмаас Их Британид өнгөрсөн өдрүүдэд агаарын тээврийн 400-аад нислэг хойшлогдож, хот хоорондын төмөр замын хөдөлгөөн мөн саатжээ. Түүнчлэн эх газрын Европтой холбодог хөлөг онгоцны хөдөлгөөнийг мөн зогсоожээ.