Шар мэдээ

Өв уламжлалаа  танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн  нээлтээ хийжээ. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнд Монголчуудын эртний зан үйл, шүтлэг мөргөлийн өв соёлыг зөв зүйтэй сурталчлан таниулах зорилгоор эх орны өнцөг булан бүрт хадгалагдаж байгаа дурсгалуудыг цуглуулан дэлгэж байгаагаа зохион байгуулагчид онцолж байна. Монголчуудын  уламжлал шүтлэг бөө мөргөлийн тухай түүх өгүүлсэн эд өлгийн зүйлс, эрт эдүгээгийн зайран удгадын онгод шүтээн, хувцас хэрэглэлийг дэлгэн танилцуулж байгаа гэнэ.  

Эдгээр эртний биет өвүүд тээвэрлэх замд гэмтэх эрсдэлтэй байгаа тул дахиж зохион байгуулах боломж хомс болсон гэж байна.  Энэ удаагийн үзэсгэлэн   эртний халх зайрангуудын хуяг хувцас, хэц хэнгэрэг, зан үйлдээ ашиглаж ирсэн бусад зүйлсийг цогцоор нь багтаасан дэглэлттэй гэдгээрээ анхаарал татаж байсан шүү.

 “Балар эртний цадиг-II” үзэсгэлэнг  Монголын нүүдэлчдын оюун ухааны академийн тэргүүн, Т.Ангар зайран санаачлан зохион байгуулж Үлэг гүрвэлийн төв музей хамтран ажиллажээ. Нээлтийн үеэр олон бөө зэрэг бөөлж үнэт олдворуудыг аргадан тахиж хүндэтгэл үзүүлсэн нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болж чадсан сурагтай. Мөн үлэг гүрвэлийн музейн тайлбарлагчид үзвэр бүрийн  тухай дэлгэрэнгүй тайлбарыг  өгч байгаад үзэгчид талархалтай хандаж байгаа гэсэн шүү.