Шар мэдээ

Улсын драмын эрдмийн театрынхан Надтай үлдээч жүжгээ толилуулсаар байна.  Өнөө цагийн залуусын үнэн төрх, хосуудын харилцаа техник технологийн сөрөг тал гээд та бидний амьдралд өдөр тутамд тохиолддог асуудлыг хөндөн тавьсан гэнэ.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2019 оны гуравдугаар сард Л.Өлзийтөгсийн зохиол "БҮСГҮЙН ЗУРВАС" нийгмийн драм, 2019 оны зургаадугаар сард Балдоржийн зохиол "ХАЙРЫН ВИЗ" уянгын драмын жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон. 2019 оны гуравдах шинэ уран бүтээл О.Элбэгтөгсийн "НАДТАЙ ҮЛДЭЭЧ" зохиолыг залуу найруулагч СТА А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулжээ.

Тус уран бүтээлийг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах зорилготой дэмжжээ. Мөн залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зэрэг зорилготой юм.