Шар мэдээ

Монгол Улс - БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд урлаг соёлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Ганхуягийн урилгаар ”Талын дуулал” аялан тоглолтын ерөнхий найруулагч Төрийн шагналт МУГЖ Д. Сосорбарам, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг, БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч Чибулаг, Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчид, Уртын дуучин МУГЖ. Энхбаатар, зэрэг уран бүтээлчид Бээжин хотноо зохион байгуулагдсан 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.

Үндэсний бүжгээрээ өв соёлоо бахдан бишрүүлж, морин хуур, хөөмий, ятга хөгжмийг яруу тансагаар эгшиглүүлэн, Уртын дуугаар уригдсан зочдын сонорыг мялаан, сэтгэлийн утсыг хөндсөн нэгэн үдэш байлаа. Энэхүү тоглолтыг Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа 96 улсын элчин сайд болон 20 гаруй олон улсын байгууллагын дипломат төлөөлөгч, бусад албаны хүмүүс үзэж сонирхлоо.

Нүүдэлчин Монголын язгуур урлагийн өв их соёлыг Хөсөгтөн хамтлаг БНХАУ-ын нутгаар түгээн сурталчлан таниулж байна. Урлагаар дамжуулж улс хоорондын харилцааг улам ойртуулж Талын Монгол нутгийн дуу, тансаг яруу хөгжмийг Талын Дуулал ийнхүү хүргэж байна.