Шар мэдээ

Creative bamboo буюу Бүтээлч Бамбүү театр нь Монголдоо хамгийн анхны үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг тавьж үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны 12 сард байгуулагдсан цагаасаа хойш зургаан мэргэжлийн уран бүтээлийг Монголын хүүхэд багачуудад хүргэжээ.  Олон улсын зөөврийн театр болох нь Бамбүү театрын үндсэн зорилго учир олон улсад зохиогдох хүүхдийн театрын фестивалиуд болон уулзалтуудад идэвхтэй оролцсоор ирсэн гэнэ.  

Байгуулагдсан цагаасаа хойш хамгийн бяцхан үзэгчиддээ зориулан Ус, Анхны цас, Бумбардай, Алим зэрэг уран бүтээлүүдийг хүргэжээ.   Харин энэ удаад бяцхан багачууддаа зориулан Дани улсын гэр бүлийн театр болох Батида театрыг урин 10 сарын 23-наас 30-ны хооронд жүжгээ толилуулахаар зэхсэн гэнэ.

Бүтээлч Бамбүү төвийн хамт олон 10 сарын 27-нд хөгжмөөр дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь сэдэвт сургалтыг мэргэжлийн багш эцэг эхчүүдэд зориулан хийхийн зэрэгцээ хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон гурван жүжгийг ийнхүү үзүүлэх гэж байна. Бүтээлч Бамбүү төвийнхөн хүүхдийн цэцэрлэг, бяцхан багачуудын төрсөн өдрийг тэмдэглэх үйл ажиллагааг мөн зохион байгуулж баяр хөөр бэлэглэдэг гэсэн шүү.