Монголын тухай дэлхий дахинаа

БНСУ-ын Сангийн сайд Хонг Нам Ки энэ онд улсынх нь засгийн газар ОХУ болон Монгол улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа талаар мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Сөүлийн эрх баригчид Солонгосын хойгийн бүс нутгаас хойд хэсэгт байрлах улс орнуудтай эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэх бодлого баримталж байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин 2017 оны 5-р сард “Умардын шинэ бодлого” нэртэй хөтөлбөр боловсруулан, Солонгосын хойгийн бүстэй ойр, хойд хэсэгт байрлах улс орнууд, Евразийн бүсийн орнуудтай харилцаагаа тэлж, эдийн засгийн болоод бусад салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого нэвтрүүлсэн юм.   

2020 онд БНСУ-ын хувьд ОХУ болон Монгол улстай дипломат харилцаа холбоо тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Оросын талтай төмөр зам, эрчим хүч, байгалийн хий, далайн боомтууд, ХАА, загас агнуурын салбар дахь харилцаагаа тэлэх хүсэлтэй байна. Түүнчлэн Монгол улстай эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, ХАА, Уул уурхай, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах бодлого баримталж байгаа юм.

Өмнөд Солонгосын сангийн сайд Хонг Нам Ки түүнчлэн энэ оны сүүлч гэхэд Ази-Номхон далайн бүсийн улс орнуудтай худалдааны гэрээ хэлцлээ өргөтгөж, Зүүн-Өмнөд Азийн улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх байр суурь баримталж байгаа гэнэ.

Эх сурвалж: http://www.koreaherald.com