Дэлхийн хотуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал цуглаан боллоо

Үйл явдал

Шотландын Глазго хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын бага хурал ажлаа үргэлжлүүлж байна. 

Энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх олон улсын бага хуралтай зэрэгцэн энэ амралтын өдрүүдэд дэлхийн улс орнуудад, хэд хэдэн томоохон хотод эко идэвхтнүүд, байгаль хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал цуглаанаа мөн үргэлжлүүлжээ. 

Глазго хотод болж байгаа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын бага хурлыг илүү үр дүнтэй явагдаж, тодорхой шийдэлд хүрч, ажил хэрэгч байдалд шилжихийг шаардсан жагсаал дэлхийн хотуудад өрнөжээ.

Их Британийн нийслэл Лондон хот, мөн Бристоль, Белфаст, Манчестер зэрэг хотуудад байгаль хамгаалагчид, эко идэвхтнүүд гудамж талбайд гарч жагсан, “Ашигт малтмалаас татгалз, газрын тосны хэрэглээнээс татгалз” гэсэн уриа лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ.

Бельгийн нийслэл Брюссель хотод мөн олныг хамарсан жагсаал болж, цагдаа хүчнийхэн болон жагсагчдын хоорондмөргөлдөөн болжээ. Жагсагчид парламентын ордон руу завь авчирч тавихыг завдан, цагдаа нар тэднийг замд нь саатуулжээ. Түүнчлэн энэ хооронд бусад идэвхтнүүд нь хэвтээ эсэргүүцэл өрнүүлсэн байна.

Туркийн Стамбул хотод эко идэвхтнүүд бөмбөр нүдэн, их дуу чимээ гарган эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Турк улс сүүлийн хэдэн жилийн туршид ган гачигт автаад байсан бол өнгөрсөн зун олон тооны түймэр дэгдсэн юм. Шотландын Глазго хотод болж байгаа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын бага хуралд дэлхийн 200-аад улс орны төлөөлөл оролцож байгаа юм. Бага хурал энэ сарын 12-нд ажлаа өндөрлөнө.