Д. Ганбат: Би Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байгаа

Улс төр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотоод хагарлаа шийдэж чадалгүй хоёр хуваагдаад байгаа. Өнөөдөр тус намын бүлэг хуралдсан ч нам дотроо үүсээд байгаа асуудлыг хэлэлцээгүй байна.

Бүлгийн гишүүдийн олонхийн саналаар бүлгийн дарга Д. Ганбатыг суудлаас нь буулгаж байгаагаа мэдэгдэж байсан. Харин тэрээр өнөөдөр бүлгийн даргаараа ажиллах болсноо хэлж засгийн газраас сайдын суудал нэхэж явсан удаа байхгүй хэмээн мэдэгдлээ. 

УИХ ирэх 2022 оны улсын нэгдсэн төсвийг энэ сарын 15-ны дотор батлах учиртай. Тэгвэл парламент дахь сөрөг хүчин ирэх оны төсөвтэй холбоотой санал дүгнэлтээ одоог хүртэл гаргаж өгөөгүй байна. Хуулийн хугацаандаа багтаан энэ долоо хоногт дүгнэлтээ хүргүүлэхээс гадна ирэх оны төсөв засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгааг бүлгийн дарга нь хэллээ. Харин бүлгийн дарга нь албан ёсоор хэн болох, бүлэг доторх хагарлын асуудлаа хэрхэн шийдэх асуултад дараах тайлбарыг өглөө.  Ардчилсан намын бүлгийн гишүүд нь бүлгийн дарга Д. Ганбатыг засгийн газрыг огцруулах нэрээр шантааж хийж сайдын суудал нэхсэн хэмээн мэдэгдсэн. Түүний удаа дараагийн зүй бус үйлдэлд нь хариуцлага хүлээлгэн даргын суудлаас буулгаж байна гэж мэдэгдсэн юм. Харин тэрээр сайдын суудал горилсон зүйл байхгүйн дээр бүлгийн даргаараа үйл ажиллагаагаа явуулна хэмээн ийнхүү мэдэгдлээ.