Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш хоёр дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ерөнхий сайдын эрх үүргийг бэхжүүлж, засгийн газрын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх эрх олгосон байна. Үүгээрээ улс орондоо олон жил үргэлжилж байгаа улс төрийн болоод эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилго тавьжээ.

Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтөд засгийн газар мөрийн хөтөлбөрөө бие даан хэрэгжүүлэх системийг тусгаж, улс орны эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон уул уурхайн төслүүд болох Таван толгойн нүүрсний уурхай, Оюу Толгой зэсийн орд газартай холбоотой төслийг хөдөлгөөнд оруулахаар тогтжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Монгол улсын УИХ-аар хэлэлцэн баталсан үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр нь ерөнхий сайдын эрх үүргийг тэлж, танхимаа өөрөө бүрдүүлэн, энэ хирээр ерөнхийлөгчийн оролцоо нөлөөг багасгаж байгаа юм.

Монгол улсын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөд түүнчлэн 2025 оноос эхлэн ерөнхийлөгчөө 4 жилээр улиран сонгогдох эрхтэйгээр сонгох биш харин 6 жилээр нэг удаа сонгохоор хуульчилжээ.

Монгол улс 1990 онд парламентын ардчилсан засаглалтай улс орон болсноос хойш 16 засгийн газрын нүүр үзжээ. Монгол улсын одоогийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ройтерс агентлагт энэ оны эхээр өгсөн ярилцлагадаа улс орондоо авлигал, ядууралтай тэмцэхийн тулд улсынхаа үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар ярьж байжээ.