Технологи

Өмнөд Солонгосын засгийн газар тус улсын анхны нисэх онгоц тээвэрлэгч далайн хөлгийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэхээр болж байгаагаа мэдэгдлээ. Өнгөрсөн онд Солонгосын эрх баригчид энэ төрлийн үйл ажиллагааг эхлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлээд байсан. Харин Солонгосын батлан хамгаалах яамнаас 2021-2025 оны төлөвлөгөөгөө танилцуулахдаа энэ тухай дэлгэрэнгүй тусгажээ.

Өмнөд Солонгосын шинэ хөлөг нь 30,000 тонн даацтай, цэрэг, зэвсэг, тоног төхөөрөмжөөс гадна босоо чиглэлд хөөрөх, газардах чадвартай байлдааны нисэх онгоц тээвэрлэх байдлаар бүтээгдэнэ. Номхон далайн баруун бүсэд одоогоор ийм нисэх онгоц тээвэрлэгч АНУ, Япон хоёр улсад байдаг. Үүнээс гадна Хятад улс өөрийн хоёр дахь том оврын нисэх онгоц тээвэрлэгчийг үйлдвэрлэж байгаа. Өөр нэг нь Америк болон Японыхоос хэмжээ болон даацаараа бага юм байна. Өмнөд Солонгосын засгийн газар шинэ хөлөг бүтээхэд хэр их мөнгө зарцуулах талаар мэдээлээгүй байна. Тэдний төлөвлөж байгаагаас 25-30 хувь том АНУ-ын тээвэрлэгч хөлөг бараг $4 тэрбумын зардлаар үйлдвэрлэгдэж байжээ.