Технологи

Их Британи Хятадын техник технологийн Huawei компанийн бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзлаа. Ингэхдээ зөвхөн бүтээгдэхүүнийг нь зарж борлуулахад хориг тавиад зогсохгүй мөн 5G сүлжээг нэвтрүүлэхэд энэ компанийн үйлчилгээг авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Британийн засгийн газраас мэдээлжээ. Лондон өнгөрсөн 1-р сард Хятадын талтай хамтарч ажиллахад бэлэн гэж байсан ч одоо Америкийн талтай нэгджээ. Вашингтон Хятадын Huawei компанийг технологи хулгайлж, бусад улс орны эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулсанд буруутган, энэ компанийн эсрэг хориг тавиад байгаа юм. Британийн олон нийтийн мэдээлэл, тоон технологи, харилцааны сайд Оливер Дауден энэ талаар мэдэгдэхдээ: -Бид 5G систем нэвтрүүлэхдээ дотоодын сүлжээгээ гадны халдлагаас сэргийлэхийн тулд Хятадын Huawei компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс татгалзах шийдвэр гаргалаа.

Ингэснээр Британийн оператор компаниудад энэ оны сүүлчээс эхлэн Huawei компанийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглож, цаашлаад Хятадын компанитай хамтарч ажиллахыг хориглох болно гэжээ. Тэгвэл Бритиш телеком компани улсынхаа засгийн газарт хандан улсынх нь холбоо харилцааны салбарт Хятадаас олон тооны тоног төхөөрөмж хэдийнэ авч суурилуулсан учраас цаашид энэхүү технологи бүтээгдэхүүнээс татгалзах нь эргээд аюул дагуулна гэж сэрэмжлүүлжээ.

Британийн Huawei компанийн эсрэг тавьж байгаа хоригтой Чех, Польш, Грек зэрэг Европын орнууд мөн нэгджээ. Тэгвэл Франц, Итали улсууд одоогоор энэ тал дээр дундыг баримталж, Герман улс өөрийн худалдааны гол түнш Хятад улстай харилцаагаа таслахаар яарахгүй байна.