Латви Улс дүрвэгсдийн урсгалыг тогтоохын тулд Беларусьтай залгаа хил дагуу онцгой байдал тогтоолоо

Үйл явдал

Латви улс Литвын нэгэн адил Беларусь улстай залгаа хилийн бүс дагуу онцгой байдал тогтоолоо. Энэ алхмыг Беларусийн нутгаар дамжин цааш Европ руу гарах гэсэн гадны хууль бус цагаач дүрвэгсдийн урсгал нэмэгдэж байгаагаас авчээ.

Латвийн эрх баригчид улсынхаа хилд нэвтэрсэн гадны хууль бус цагаачдыг хүчээр буцаах болно гэдгээ мэдэгдэн, хил дагуух бүсэд онцгой байдал тогтоожээ. Онцгой байдлыг 8-р сарын 11-нээс буюу өнөөдрөөс эхлэн мөрдөж, Беларусьтай залгаа хилийн 3 дүүрэгт, мөн Латви, Беларусь, Литв гэсэн 3 улсын хил огтлолцдог Даугавпилс хотод 3 сарын хугацаагаар мөрдөгдөх юм. Латвийн сайд нарын танхим түүнчлэн улсынхаа цагаачлалын албанд гадны иргэдэд цагаач дүрвэгчийн статус олгох асуудлаар хүсэлт хүлээн авахыг зогсоохыг даалгажээ.

Ийнхүү олон улсын дүрвэгсдийн тухай хууль журмыг үл харгалзан хатуу арга хэмжээ авч байгаагаа Латвийн ерөнхий сайд Кришьянис Кариныш болон дотоод хэргийн сайд Мария Голубева нар тайлбарлахдаа энэ бол хууль бус дүрвэгсдийн ЕХ-ны улс орнуудад зарласан “гибрид дайн”-ы хариу арга хэмжээ гэжээ. Латвийн Беларусьтай залгаа хилээр сүүлийн нэг хоногт бараг 200-аад хүн нэвтрэхийг завджээ. Тэднийг саатуулж, ирсэн газар луу нь буцаах арга хэмжээ авч эхэлжээ.