Entertainment

Дэлхийн кино урлагийн түүхнээ алдарт Клеопатра болон олон сайхан дүрээрээ мөнхөрсөн Италийн жүжигчин Софи Лорен 85 нас хүрчээ. Кино урлагийн салбарын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Софи Лорен энэ сарын 20-нд 85 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Он цагийн уртад үргэлж гоо үзэсгэлэнтэй хэвээр, мөнхийн залуу харагдах Софи Лорены ертөнцтэй үзэгч таныг багахан боловч танилцуулъя...

Италийн жүжигчин, дуучин Софи Лорен 1934 онд Ром хотноо мэндэлсэн ч түүний багад нь гэр бүл нь Неаполийн ойролцоох жижиг загасчны тосгонд нүүж очсон байна. Ийнхүү их хотын соёлоос алс хол өссөн бяцхан Софи 14 настайдаа орон нутгийн гоо бүсгүйн тэмцээнд тэргүүлсэн нь түүний ирээдүйн ажил амьдралын эхлэлийг тавьжээ. 1950 онд Софи “Италийн гоо бүсгүй”-н тэмцээнд амжилттай оролцож, хэдийгээр тэмцээнд түрүүлээгүй ч ирээдүйн нөхөр продюсер Карло Понтитай танилцах замаа нээсэн байна. Хэдийгээр Понти түүнээс 22 насаар ах байсан ч залуухан бүсгүйг кино урлагт хөл тавьж, улмаар Холливудад гарахад нь бүх талаар дэмжин тусалсан юм. Софи Лорен кино урлагт ихэд амжилттай байж, Канн, Венеци, Москва, Берлины олон кино наадмаас шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн шилдэг жүжигчдийн нэг болж чаджээ. Софи Лорен Оскарын шагнал 2 удаа, Алтан бөмбөрцөг шагналыг 5 удаа хүртсэн юм. Тэгвэл алдарт Марчелло Мастроянигийн мөнхийн хамтрагч, Витторио де Сикагийн хайртай жүжигчин тэрээр өнөөдөр ч кино урлагаасаа хөндийрөөгүй, өөрийн хүү найруулагч Эдоардо Понтигийн “Бүх амьдрал өмнө минь байна” кинонд тогложээ.