Entertainment

Холливудын нэртэй жүжигчин Жон Траволтагийн эхнэр, жүжигчин модель Келли Престон 57 настайдаа хөхний хорт хавдрын улмаас нас барсан байна. Тэрээр сүүлийн 2 жил хүнд өвчинтэйгээ тэмцэж байжээ.

Жон Траволта өөрийн инстаграм хуудсан дээрээ гэр бүлд нь тохиосон уй гашууг хуваалцан, түүний амьдралын хань Келли хүнд өвчинтэй хоёр жил тууштай тэмцсэн ч харамсалтай нь өвчинд дийлэгдлээ гэжээ.

Траволта, Престон нар 1991 онд гэрлэж, 29 жил хамт амьдрахдаа 3 хүүхдийн эцэг эх болцгоожээ. Тэдний том охин Элла 20 настай, хүү Бенжамин нь 9-тэй гэнэ. Мөн тэдний хүү Жетт 16 настайдаа 2009 онд тархины хүнд гэмтэл авч нас барсан юм.

Келли Престон 1988 онд Дэнни де Вито болон Арнольд Шварцнеггер нарын гол дүрд нь тоглосон “Ихрүүд” инээдмийн кинонд тоглож, үзэгчдийн танил болжээ. 1993 онд Келли “Америк цаг” кинонд гол дүр бүтээж, Америкийн хамгийн нэр алдартай залуу жүжигчдийн нэг болж байсан юм. Тэгвэл тэрээр 2017 онд “Готтийн кодекс” кинонд тоглож, сүүлийн дүрээ бүтээжээ. Энэ кинонд Келли нөхөр Жон Траволтагийн хамт эхнэр нөхөр болж тоглосон юм.