Entertainment

Бельгид 3D принтерын тусламжтайгаар 2 давхар байшин барьжээ. Дэлхийд анхны байшинг 3D технологи ашиглан барьснаар цаашид барилгын салбарт энэхүү технологийг түлхүү ашиглах боломжийг нээжээ.

Архитекторч Пит Вейлеманс дээрх төслийг танилцуулан, 3D принтерын тусламжтайгаар байшин барихдаа нэг хэсэгт нь ханыг нугалсан хэлбэртэйгээр, нөгөө хэсэгт нь тэгш хэмтэйгээр хэвлэж, улмаар барилгын явцад 3D технологийг ашиглаж болох бүх хэлбэрээр ашигласныг харж болно гэжээ.

Бетонон хана бүхий 90 кв/м талбай бүхий хоёр давхар байшинг 15 хоногт багтаан, автомат системийн тусламжтайгаар принтерлэн гаргажээ.

Барилгын хийцлэлийг бүтээсэн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ийм маягаар барилга барихад агаар мандалд 50%-иар бага нүүрсхүчлийн хий ялгарч, мөн цаг хугацааны хувьд ихээхэн хэмнэлттэй, маш богино хугацаанд барилгыг барьсан давуу талтай гэнэ. 3D принтерийн тусламжтай хэвлэсэн барилгыг Бельгийн Антверпен мужийн Вестерло сууринд байрлуулжээ.

Одоогоос 2 жилийн өмнө анхны гурван хэмжээст принтерээр бүтээсэн нэг давхар барилгыг Францад 3D технологийн тусламжтай хэвлэж байжээ. Тухайн үед барилгыг полиуретанаар хэвлэж, улмаар бетоноор цутган бүтээж байсан юм.