Афганистаны экс ерөнхийлөгч Хамид Карзай Талибаны бүлэглэлийг хүчирхийллээс татгалзахад уриаллаа

Улс төр

Афганистаны экс ерөнхийлөгч Хамид Карзай нийслэл Кабул хотод нэвтэрч, хяналтаа тогтоохыг завдаж байгаа талибаны зэвсэгт бүлэглэлд хандаж аливаа хүчирхийллээс татгалзан, энгийн номхон ард иргэдийн эсрэг зэвсэг барин тэмцэхгүй байхад уриалжээ.

Хамид Карзай энэ талаар тусгай мэдэгдэл хийж, талибаны бүлэглэлийг Афганистаны ард түмнийг авран хамгаалахыг хүссэн байна. Түүнчлэн Карзай улсынхаа иргэдийг айж балмагдан үймэлгүйгээр, орон гэртээ байцгааж, улс оронд өрнөөд байгаа үйл явцыг тайвнаар даван туулахад мөн уриалсан байна. Тэрээр улсынхаа улс төрийн удирдагчид, талибаны зэвсэгт бүлэглэлийнхэнтэй цаашид яриа хэлэлцээр явуулж, хямрал хүчирхийллийг эв зүйгээр, тайван замаар шийдэхийн төлөө бүхий л хүчээ дайчлах болно гэдгээ мэдэгджээ. Хамид Карзай Афганистан улсыг 2001-2014 онуудад тэргүүлж байсан юм. Тэрээр энэ сарын эхээр хийсэн мэдэгдэлдээ Талибаны зэвсэгт бүлэглэл улс орноо эзлэн түрэмгийлбэл энэ нь иргэний дайнд хүргэж болзошгүй гэж мэдэгдэж байжээ.