Үйл явдал

Сүүлийн үед Армени Азербайжан улсын дунд хилийн мөргөлдөөн үүсч нөхцөл байдал хурцадмал байдалтай болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Нагорно-Карабах нутгийг булаалдсан сөргөлдөөн ширүүсч, хоёр тал гал нээснээр нутгийн энгийн иргэд ихээр хохирсон юм. Энэ асуудлаар НҮБ-аас мэдэгдэл хийжээ.

НҮБ-ын тэргүүн Антонио Гуттерс хоёр улсын хилийн маргаанд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлэн хоёр улсыг мөргөөлдөөнөө зогсоохыг уриаллаа. Түүний төлөөлөгч Стефан Дужаррик Антонио Гуттерсийг төлөөлөн өчигдөр мэдэгдэл хийн, хүч хэрэглэсэн явдлыг буруушааж, хүний амь нас эрсдэж, энгийн ард иргэд хохирч байгаад харамсаж байна гэжээ. Талуудыг тэмцлээ нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг намжааж, ямар нэгэн нөхцөлгүйгээр, яаралтай энхийн замаар хэлэлцээр хийхийг уриалсан байна. Үүнээс гадна Антонио Гуттерс өөрийн биеэр Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев болон Арменийн ерөнхий сайд Никол Пашиняньтай холбогдоно гэдгийг мэдэгдлээ.  Мөргөлдөөний улмаас хоёр улсын бараг 20 орчим энгийн иргэн хохирсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж өгч байна. Бусад улс орнуудыг эрх баригчид хоёр улсыг энх тайван байдалтай байхыг уриалж байгаа юм. Жишээлбэл Оросын ерөнхийлөгч хоёр улсыг газар нутгаа хэнийх вэ гэж маргахаас илүү эхлээд энх тайван байх нь чухал гэсэн байна. Харин Туркийн ерөнхийлөгч Эрдоган твиттерээр дамжуулан Азербайжан ах дүүсийнхээ талд зогсоно гэдгээ мэдэгджээ. Хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн мэдээллээр 58 цэрэг мөргөлдөөний улмаас амь насаа алдаад байна.