Үйл явдал

Беларусь улсад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн мянга мянган иргэний жагсаал үргэлжилсээр байна. Европын холбооноос Беларусийн эрх баригчдыг сонгуулиа үнэн бодитоор явуулаагүй гэх шалтгаанаар хориг тавих тухай хэлэлцэж эхэлсэн. Харин Беларусийн эрх баригчид улс даяараа интернэтээ хаасан байснаа эргэн нээлээ.

Энэ нь иргэдийн үймээн самууныг хяналтанд авах гэсэн үйл ажиллагаануудын нэг юм. Энэ удаагийн иргэдийн тэмцэл нь ЗХУ тарснаас хойш зургаа дахь удаагаа явагдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгууль. Урьд өмнө хэзээ ч энэ хэмжээний хүнд нөхцөл байдал үүсч байгаагүй юм. Хэдийгээр интернэтийг хаасан ч, иргэд VPN гэх мэт боломжит бүх аргаа хэрэглэн дотоодод болж байгаа үйл явдалаас мэдээлсээр байсан. Өнөөдрийн байдлаар эмх замбараагүй байдлаас үүдэн хоёр иргэн амь насаа алдан, зургаан мянган иргэн баривчлагджээ. Үүнээс гадна 200 гаруй эмэгтэйчүүд хүнд гэмтсэн байна. Хэдийгээр иргэдийн дунд эрсдэл үүсээд байгаа ч, 26 жил энэ улсын бүх эрх мэдлийг аваад байгаа Лукашенког огцрохыг шаардсан хэвээр байна. Харин Лукашенкогийн зүгээс “Өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэж байгаа хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэг үйлдэж байсан болон ажилгүй этгээдүүд байна. Тэр хүмүүс ажил олж хиймээр юм” хэмээн мэдэгджээ. Беларусийн интернэт гарц бараг гурван өдөр хаагдсаны дараа өчигдрөөс сэргэж эхэлсэн. Баруун өмнөд бүсийн Брест хотод жагсагчид хууль сахиулагчидтай мөргөлдөх үеэр жинхэнэ сумаар буудаж, хүн шархадсан тухай  мэдээлэл гарсан юм. Дотоод хэргийн яамнаас жагсагчид төмөр саваагаар зэвсэглэн дайрсан учраас гал нээсэн гэж тайлбарласан боловч, сүүлд мэдэгдлээсээ “гал нээсэн” гэсэн үгийг хассан байна. Европын холбооны орнууд Беларусийг тэмцэгч иргэддээ хатуу арга хэмжээ авахгүй байхыг уриалсан. Үүнээс гадна ирэх баасан гарагт Беларусийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайдууд хэлэлцэхээр болжээ.