Үйл явдал

Энэ даваа гарагт Испанийн өмнөх хаан Хуан Карлос эх орноо орхиж өөр орны иргэдтэй болж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр аль орон руу цагаачлах гэж байгаа нь асуулт хэвээрээ байсан бол, өчигдөр Доминик улсын нэгэн баян айлд нуугдахаар ниссэн гэж Испанийн Ла Вангуардиа сонинд мэдээлжээ.

Өмнөх хаан Хуан Карлос авилгын хэрэгт холбогдоод байсан. Эхнэр болон одоогийн эзэн хаан 6-р Фелипд бичсэн захиандаа эх орноо сольж байгаагаа мэдэгджээ. Авилгын хэрэгт холбогдоод байгаа өмнөх хаан Хуан Карлосын нэр дээр сүүлийн үед Саудын Арабаас илгээсэн хууль бус мөнгөний асуудал дэлгэгдэж, асуудлыг шийдвэрлэхээр Испани болон Швейцарийн хуулийн байгууллагууд ажиллаж эхэлжээ. Ингэснээр 2008 онд Саудын Арабаас Швейцарийн данс руу 100 сая ам.долларыг шилжүүлсэн гэж байгаа юм. Испанийн шүүх өнгөрсөн 6-р сараас энэ асуудлыг мөрдөж эхэлсэн. Гэхдээ түүний хааны халдашгүй эрх гэдэг утгаар зөвхөн хаан ширээгээ өгсөнөөс хойшхи үеийг шалгаж байгаа юм. Энэ хэрэг өмнөх хааны нууц амраг асан Германы бизнесмэн эмэгтэй Коринна Ларсентай холбоотой баримтууд дэлгэгдсэнээр сөхөгдөж эхэлсэн байна. Тухайн үед Испанийн компаниуд Саудын Арабын шашны ариун газрууд болох Мекка, Медина хотуудыг өндөр хурдны төмөр замаар холбох $8 тэрбум долларын тендэрт шалгарсан юм. Ингэж шалгарахад нь тусалсан эзэн хаан их хэмжээний мөнгөн шагнал авч, тэрийгээ Кориннатай хуваалцсан гэж сэжиглэж байсан. Ийм яриа дэгдсэний дараа гуравдугаар сард түүний хүү, одоогийн эзэн хаан VI Фелип олон нийтийн итгэлийг олж авахын тулд өв залгамжлалаасаа татгалзаж, эцэг хаандаа жил бүр ордноос төлдөг $228,000-ын тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргаж байжээ. Хуан Карлос 38 жилийн турш Хааны ширээнд сууж 2014 онд хүүдээ залгамж хаалаагаа өгсөн. Тэрээр Испани улсыг 1939-1975 онд байсан Фашист дэглэмээс гаргаж алдчилсан нийгмийг бий болгоход ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж хүндлэгддэг. Тэрээр өнгөрсөн ням гарагт хааны ордонг орхин, даваа гарагт Португали руу очиж, Доминик руу ниссэн гэж Испанийн Ла Вангуардиа сонинд мэдээлсэн байна. Эх сурвалжид түүнийг ирэх хугацааг чихрийн тариалан эрхэлдэг Доминик гэр бүлд өнгөрөөх төлөвтэй байна гэж онцолжээ. Гэхдээ зарим Испанийн хэвлэлүүд түүнийг Португалийн Лиссабон хотод байгаа гэж мэдээлсэн байна. Ямартай ч түүнтэй холбоотой шалгагдаж байгаа хэрэг мөрдөн байцаалтын шатанд ороогүй байгаа учраас тэрээр оргосонд тооцогдохгүй юм.