Үйл явдал

Азербайжан болон Армяны хил дээр Товуз дүүргийн орчимд талууд харилцан гал нээсэн хэрэг гарчээ. Хоёр талын цэрэг арми артиллерийн зэр зэвсгээр ням гарагт харилцан гал нээсэн байна.

Энэ талаар хоёр улсын эх сурвалжууд хоёул мэдээлсэн байна. Азербайжаны батлан хамгаалах салбарын эх сурвалжийн дамжуулснаар: -7-р сарын 12-ны үд дунд Армяны зэвсэгт хүчний зүгээс Товуз орчмын хоёр улсын хилийн бүсэд гал зогсоох хэлэлцээрийг зөрчин, манай байрлалууд руу артиллерийн зэвсгээр гал нээсэн гэж мэдээлжээ. Азербайжаны талын мэдээлж байгаагаар энэхүү дайралтын улмаас хоёр цэргийн албан хаагч амиа алдаж, 5 хүн шархадсан гэсэн байна.

Тэгвэл Армяны батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Шушан Степаняны мэдээлснээр Азербайжаны хилийн цэргийнхэн хоёр улсын хилийн өндөрлөгийг булаан эзлэхийг завдаж, хилийн зурвас луу машинтай ирж эхэлж гал нээсэн. Тэдний эсрэг Армяны тал хариу гал нээсэн гэжээ.

Азербайжан болон Армян улсын хооронд 1988 оны 2-р сард Уулын Карабахын асуудлаас шалтгаалан зэвсэгт мөргөлдөөн дэгдэж байсан. Улмаар талууд Уулын Карабахын хямрал өдүүлж, 1992-1994 оны хооронд үргэлжилсэн зэвсэгт тэмцлийн улмаас Азербайжаны тал Уулын Карабах болон ойролцоох дүүргүүдэд нь хяналтаа алджээ. 1992 оноос эхлэн Минскийн бүлэглэлийн хүрээнд талуудын хооронд үүссэн зэвсэгт хямралыг эв зүйгээр шийдвэрлэн хяналт тавьсаар иржээ.