Үйл явдал

Дэлхийн хэмжээнд хүүхдүүд усанд живж нас барах тохиолдол маш их байдаг. Далайд гарцтай Вьетнам улсад хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд үнэгүй сэлэлтийн хичээлд хамруулж байна.

Хүүхдүүдийг зуны улиралд үнэгүй сэлэлтээр хичээллүүлж байгаа  нь тэднийг болзошгүй аюулаас хамгаалахаас гадна, цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлж байгаа сайхан явдал юм. Вьетнамын Хай Пон хотод үнэгүй сэлэлтийн сургалт энэ жилээс эхлэн явагдаж байна. Вьетнам Улсын хэмжээнд хүүхдүүд сэлж чадахгүйн улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол их байдаг. Сүүлийн нэг жилд гурван мянга орчим хүүхэд усанд живж нас барсан тухай тоо баримт байна. Ялангуяа далайд гарцтай энэ улсад сэлж сурна гэдэг нь амьдралд нэн чухал чадваруудын нэг болно. 5-15 настай хүүхдүүдэд мэргэжлийн багш нар хичээл орон, зөвхөн сэлэхээс гадна бассейны усыг хэрхэн цэвэрлэх, бохирдолтой ус ямар байдаг тухай сонирхолтой онолын хичээлүүдийг ч багтаасан байгаа юм. 20 орчим газарт энэхүү үнэгүй сургалтыг явуулж байгаа юм байна. Удирдах албанаас энэ үйл ажиллагааг цаашдаа жил бүр явуулна гэдгээ мэдэгджээ.