Барууны орнууд Украинд артиллерийн зэр зэвсэг нийлүүлнэ

Улс төр

Оросын тал Украины зүүн бүсэд шийдвэрлэх тулаанаа эхлүүлж байгаа тухайгаа мэдэгдэхтэй зэрэгцээд АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд Киевт артиллерийн зэр зэвсгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Жо Байден, Борис Жонсон, Жастин Трюдо нар Оросын цэрэг арми Украины зүүн бүс руу хийх дайралтаа эрчимжүүлж, дайн тулааны үйл явц шат ахиж байгаа учраас Украины талд илүү том оврын их буу, артиллерийн зэвсэг нийлүүлэхээр амлажээ.

Пентагоны албаны хүний хэлснээр Вашингтон Киевийн талд удаан хугацааны бэлтгэл сургуулилт хийх шаардлагагүй, шууд ашиглах боломжтой зэр зэвсэг, систем нийлүүлэх гэнэ. 

Байден, Жонсон, Трюдо нар Холбоотон улс орнуудын хүрээнд аюулгүй байдлын асуудлаар онлайнаар цахим уулзалт хийсэн юм. Вашингтоны эрх баригчид Киевт өнгөрсөн долоо хоногт 800 сая долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсон. Тэгвэл цаашлаад тусламжийн багцаа нэмэгдүүлэх болно гэдгээ илэрхийлжээ. Барууны орнуудын тэргүүлэгчид Украинд үзүүлэх цэрэг, зэр зэвсгийн тусламжаа тасалдуулалгүй, илүү их зэр зэвсэг, аюулгүй байдлын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдэж байгаа юм.