Үйл явдал

Гурван сар орчим хаалттай байсан Дубайн Олон улсын нисэх онгоцны буудал АНЭУ-руу нэвтрэх визтэй иргэдийг өнөөдрөөс буюу 7-р сарын 7-ноос эхлэн хүлээн авахаар боллоо. Ингэхдээ нислэгт бүртгүүлэхээс эхлээд газардан паспорт шалгуулах хүртэл халдвараас хамгаалах тусгай дүрэм журмыг баримтлах шаардлагатай юм.

Дүрэм журамд халдвараас хамгаалах амны хаалт зүүх, халуунаа шалгуулах, хүн хоорондоо зайтай байхаас гадна Дубайн Эрүүл мэндийн газраас гаргасан халдвар хамгааллын тухай тусгай үйлчилгээг утсан дээрээ суулган хувийн мэдээллээ оруулах шаардлагатай. Мөн аяллын эмчилгээний даатгалыг бүрдүүлсэн байхыг анхаарууллаа. Нислэгээс өмнө биеийн температур өндөр халуурч байгаа болон ковид-19 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нислэгийн бүртгэл хийхгүй. Бүх аялагч газардсаны дараа сүүлийн 96 цагийн дотор хийлгэсэн ковид-19 халдварын шинжилгээний бичгээр халдваргүй гэдгээ баталгаажуулна. Үүний дараа дахин шинжилгээ хийх бөгөөд, 14 хоногийн тусгаарлалтад хамрагдана. Дубай хотын хувьд халдварыг хяналтдаа аван хөл хорио онц байдлын дэглэмийг сулруулсаар байна. Үүнээс гадна иргэд халдвар хамгааллын дүрэм журмыг сайтар дагаж мөрдөж байгаа тухай эх сурвалжид мэдээлжээ.

Эх сурвалж:  Global Times