Үйл явдал

Коронавируст цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд эдийн засаг, санхүүгийн хямрал үүсч эхэлсэн. Баруун болон төв Африкт хоол хүнсний хомсдолд өртөх иргэдийн тоо энэ оны сүүлээр бараг л хоёр дахин нэмэгдэх тухай НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн байгууллагаас мэдэгдсэн байна.

Тодруулбал баруун болон төв Африкийн хэмжээнд хүнс тэжээл хоолны дутагдалтай 36 сая иргэн байдаг гэх судалгаа байдаг. Эдийн засаг, санхүүгийн хямралаас үүдэн, энэ тоо 57.6 сая болтол өсөх хандлагатай байгаа тухай НҮБ-аас мэдээлжээ. Энэ тоо өсөх магадлал үүсгэж байгаа гол шалтгааныг олон зүйлтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, ихэнх оронд олон улсын хилээ хааж, агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Үүнтэй холбогдуулан зарим газарт дотоодын хүнс тэжээл бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдэж эхэлжээ.

Эрсдэл хамгийн өндөр байгаа орны эхэнд Африкийн хамгийн их 23 сая хүн амтай Нигерийг дурдсан байна. Энэ улсад дөрөвдүгээр сараас хойш хүнс бараа бүтээгдэхүүний үнэ орон нутаг бүсээс хамааран 5-20 хувь хүртэл өссөн тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр хариуцсан байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Элизабет Байрс мэдэгджээ. Зарим зүйлс 60 хувь ч өссөн тохиолдол байгаа тухай тэрбээр онцоллоо. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн таван жил тохиогоогүй үнийн өсөлт юм байна. Цар тахлаас өмнө ч Африкийн хэмжээнд 21 сая иргэнийг хүнсний хомсдлоос хамгаалан, нүүлгэн шилжүүлж байжээ. Үүнээс гадна энэ оны байдлаар Чад, Мали, Мауритани, Нигер гэх мэт оронд 4.5 сая хүүхэд хоолны хомсдолтой тэмцэж байгаа тухай мэдээллээ.