Үйл явдал

Дэлхийн ковид-19 халдвар тархсан орнууд халдвартай холбоотой нас барсан болон эдгэрсэн, одоо өвчтэй байгаа иргэдийн тоон үзүүлэлтийг өдөр тутамд мэдээлж байгаа. Гэхдээ цар тахлын хяналтаа алдсан зарим улсад ихэнх халдвартай иргэд гэртээ эмчилгээ хийлгэж байгаа нь тоон үзүүлэлтэд хамрагдахгүй байгаа юм.

Статистик мэдээллээр Англи Улсад коронавируст халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 40 мянга болсон. Энэ үзүүлэлт нь зөвхөн эмнэлэгт нас барсан иргэдийн тоо болохыг эрх баригчид мэдээлсэн. Үүнээс гадна гэрээр эмчлүүлж байгаад хорвоог орхисон хэдэн тохиолдол байгаа нь тодорхойгүй байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Халдвар авч байгаа иргэдийн ихэнх хувийг өндөр настнууд эзэлж байгаа юм.

Английн үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар энэ жилийн 3-р сараас 5-р сар хүртэлх нас баралтын үзүүлэлт нь өнгөрсөн жилийнхээс 60 мянгаар их байгаа юм байна. Энэ нь гэрээр болон эмнэлгээс гадуур ковид-19 халдварын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан тохиолдол их байгаатай холбоотой байж магадгүй тухай “BBC”  агентлаг мэдээлжээ.