Үйл явдал

Ази Номхон далайн зарим улс оронд цар тахлыг хяналтдаа авч маш сайн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ Вьетнам улсад сүүлийн 40 гаруй хоног шинэ ковид-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.

Энэ улсад 4-р сарын сүүлээр халдвар авсан 328 иргэн эдгэрч, ямар ч идэвхтэй халдварын тохиолдолгүй болсон тухайгаа мэдэгдэн хөл хориог багасгасан. Зарим оронд хөл хориог багасгасан хэдий ч шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол цөөн тоогоор нэмэгдэж, заримд нь тахлын хоёр дахь давлагаа үүсэх хэмжээнд нөхцөл байдал муудаж эхэлсэн.

Дэлхийн хэвлэлүүд Вьетнам Улс бүх өвчтөн эдгэрснээс хойш ямар ч шинэ тохиолдол бүртгэгдээгүйгээс гадна дотооддоо бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа тухай мэдээлж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр энэ улсад эмч нарын хүрэлцээ 10 мянган хүний дунд 8 эмч байхаар бага юм.

Вьетнам Улсад 1-р сарын сүүлчээр анхны халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа гурван долоо хоногийн хөл хорио зарлагдсан. 4-р сарын сүүлчээр хөл хориог цуцалж улсын хэмжээнд хэвийн үйл ажиллагаагаа явуулж халдварыг хяналтдаа барьсаар байна.

Вьетнам Улсын хувьд бүх хил хаалттай байгаа нь цар тахлыг хяналтдаа барьж байгаа арга гэдгийг хэвлэлүүд онцолжээ.