Үйл явдал

Цар тахлын хүнд нөхцөлд маш олон улс гэнэт хилээ хаах болон олон улсын нислэгүүдээ зогсоох арга хэмжээ авсан. Үүний үр дүнд олон аялагч нэг газраа гацаж, визний хугацаа нь дуусах гэх мэт асуудал үүсээд байгаа юм.

Харин энэ хүндрэлийг аялал жуулчлалаар алдартай Вьетнам Улс оновчтой арга хэмжээ аван шийдэж байна. Вьетнам Улсын Цагаачлалын газар, Нийгмийн аюулгүй байдлын газраас Вьетнам Улсад суугаа виз нь дууссан аялагчдыг шинээр авах шаардлагагүйгээр шууд сунган тооцно хэмээн мэдэгдсэн байна. Эх сурвалжид маш олон ажлын шугамаар болон аялах журмаар тодорхой хугацаанд Вьетнамд ирсэн иргэдийн визний хугацаа дуусч, асуудалд орж байгаа тухай онцолсон байна. Эдгээр иргэд санал гомдол ирүүлсний дагуу холбогдох албаны байгууллагууд ямар нэгэн шинээр виз мэдүүлэх ажил явуулалгүйгээр автоматаар виз нь сунгагдах шийдвэр гаргажээ.

Тодруулбал 3-р сарын 1-нээс хойш хугацаа нь дуусах иргэдийн виз 6-р сарын 30 хүртэл автоматаар сунгагдаж байна. Виз нь сунгагдаж байгаа иргэд орон нутгийн цагдаагийн газарт нөхцөл байдлынхаа тухай мэдэгдэн, эрүүл мэндийн хуудас бөглөх шаардлагатай. Аялагчид болон түр хугацаагаар Вьетнамд ирсэн иргэд энэ улсын Засгийн газраас хүнд нөхцөл байдлыг ингэж шийдэж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.