Тансаг зэрэглэлийн хөлөг онгоц осолдсон эмгэнэлт явдлыг нэхэн дурсч байна

Үйл явдал

Италид энэ улсын түүхэнд төдийгүй орчин цагийн далайн аяллын түүхэнд томоохон осол болон тэмдэглэгдсэн аяллын, тансаг зэрэглэлийн Коста Конкордия хөлөг онгоц осолдсон эмгэнэлт явдлыг нэхэн дурсч байна. “Тосканы Титаник” нэр авсан Коста Конкордия хөлөг 2012 оны 1-р сарын 14-ний өдөр осолдон живж, 32 хүн амиа алдсан юм. 

Одоогоос 10 жилийн өмнө болсон энэхүү осол тухайн үедээ далайн тээврийн хэрэгслийн хамгийн том осол болсон юм. Италийн Жильо арлын ойролцоо осолдсон аяллын Коста Конкордия хөлөг онгоцыг энэ хөлгийн ахмад Франческо Скеттиногийн гаргасан алдаатай шийдвэрээс болсон гэж үздэг юм.

Түүнийг бусдын аминд санамсаргүй байдлаар халдсан хэргээр сүүлд шүүж, 16 жилийн хорих ял оноосон байна. Коста Конкордия хөлөг Италийн Тоскана бүсийн Жильо арлын дэргэд хад мөргөн осолдсон юм. Аяллын хөлөг онгоцон дээр дэлхийн 70 гаруй улс орны төлөөлөл болсон зорчигчид багийн гишүүд нийлсэн 4,229 хүн явснаас 32 хүн амиа алджээ.