Үйл явдал

COVID-19 шинэ коронавирусын дэгдэлт дэлхий даяар нэмэгдэж, улс орнуудад вирусын халдварын тохиолдлууд өссөөр байна. Халдварт өвчин анх дэгдсэн Хятад улсад өвчний тархалт харьцангуй удааширч байгаа хэдий ч Хятадаас гадна, дэлхийн бусад улс орнуудад эсрэгээр эрчтэй нэмэгдэж байна. Энэ талаар ДЭМБ-аас ирүүлж байгаа мэдээлэлд дурьджээ. 

Лхагва гарагт Хятадад COVID-19 шинэ коронавирусын улмаас 52 хүн амиа алдсан байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нэг өдөр хамгийн цөөн тооны хүн амиа алдсан явдал болсон байна. Тэгвэл шинээр халдварын 406 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 401 нь өвчний голомт болох Хубэй мужид бүртгэгдсэн байна. Нийтдээ шинэ коронавирусын халдварын улмаас Хятадад 2,715 хүн амиа алдсан талаар Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.   

COVID-19 ДЭЛХИЙН 37 УЛС ОРОНД ДЭГДЭЭД БАЙНА

COVID-19 шинэ коронавирусын халдвар хүрээгээ тэлсээр, өнөөдөр газрын зурган дээр маш олон улс орон халдвар тархсан улс орны тоонд багтан тэмдэглэгдэж байна. Хятад улсад анх дэгдсэн COVID-19 коронавирус өнөөдөр Ази, Европ, Өмнөд Америк, тэр байтугай Африк тивд хүрчээ. Үзэгч танд коронавирусын халдварын талаарх бусад мэдээллийг багцлан хүргэж байна... 

2-р сарын 27-ны өдрийн байдлаар COVID-19 шинэ коронавирус дэлхийн 37 улс оронд илрээд байна. Коронавирусын голомт болох Хятад улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 78,497 тохиолдол бүртгэгдсэнээс 2,744 хүн амиа алдаж, 32, 495 хүн эдгэсэн гэж мэдээлж байна. 

Шинэ коронавирус хамгийн сүүлд Гүржид бүртгэгдсэн байна. Гүржийн эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Иран улсад ажлаар яваад ирсэн иргэнээс коронавирусын халдвар илэрчээ.

Хятадад сүүлийн үед “Арбидол” гэх эмийн эрэлт эрс өссөн байна. Өнгөрсөн зууны 70-аад онд хуучин ЗХУ-д гаргаж байсан энэ эмийг Хятадын Үндэсний эрүүл мэндийн газраас COVID-19-ийг дарах хамгийн үр дүнтэй эм гэж зарласан байна. 

Хонконгийн эрх баригчид улсынхаа 18-аас дээш насны иргэдэд 1,300 ам.долларын нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Энэ арга хэмжээг арлын эдийн засгийг дэмжиж, иргэдийн санхүүгийн байр байдлыг дээшлүүлэх зорилгоор авч байгаа юм. Хонконгийн иргэд олон сар үргэлжилсэн жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал, ажил хаялтын араас дэгдсэн коронавирусын халдварын улмаас туйлдаж байгаа учраас нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Хонконгод коронавирусын 81 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн амиа алдаад байгаа юм. 

COVID-19 шинэ коронавирус Европын улс орнуудад тархсаар байна. Итали улс Европ тив дэх коронавирусын халдварын голомт болон хувирч, Швейцарь, Австри, Франц, Румын, Герман, Умард Македони, Хорватаас гадна хамгийн сүүлд Норвеги, Данид халдварын тохиолдол илэрчээ. 

ИРАН УЛСАД COVID-19 КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ТОО НЭМЭГДЖЭЭ

Тэгвэл Хятадаас гадна Иран улсад мөн коронавирусын халдвар эрчтэй дэгдэж байгаа юм. Иран улсад өнөөдрийн байдлаар 139 халдварын тохиолдол бүртгэгдэж, 19 хүн коронавирусын улмаас амиа алджээ.

Иранд халдвар авсан хүний тоотой харьцуулахад нас баралт өндөр байгаа нь магадгүй коронавирусын халдварын тохиолдлууд далд үедээ байгаа, ил болоогүй нуугдмал байдалд байгаа гэж таамаглах үндэслэл болоод байгаа талаар мэдээлж байна. Ираны эрүүл мэндийн яамнаас иргэдээ онцын шаардлагагүй бол улс орон дотор шилжилт хөдөлгөөн хийхгүй, гадагшаа зорчихгүй байхыг хүсч байна. Түүнчлэн коронавирусын халдварын хамгийн олон тохиолдол илрээд байгаа Гилян болон Кум мужууд руу онц шаардлагагүй бол явахгүй байхыг анхааруулж байна. Лхагва гарагт Иранаас хөрш зэргэлдээх Пакистан руу коронавирусын халдвар дэгдсэн талаар мэдээлэл ирсэн байна. Пакистаны Синд мужийн төв болох Карачи хотод COVID-19 вирусын хоёр тохиолдол бүртгэгджээ.

ӨМНӨД СОЛОНГОСТ КОРОНАВИРЫН ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 1,600-Д ХҮРЧЭЭ

Өмнөд Солонгост өнөө өглөөний байдлаар COVID-19 шинэ коронавирусын халдварын тохиолдол 1,600-д хүрсэн байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар 27-ны өдрийн байдлаар 1,595 хүнд шинэ коронавирусын халдвар илэрсэн нь албан ёсоор батлагдаад байгаа юм. 

Өмнөд Солонгост сүүлийн нэг хоногийн дотор коронавирусын халдварын тохиолдол 334-өөр нэмэгдсэн байна. Энэ нь эх газрын Хятадаас гадна нэг хоногт вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн хамгийн өндөр тоо болжээ.  Шинээр нэмэгдсэн халдварын дийлэнх буюу 307 тохиолдол нь Тэгү хотод бүртгэгдсэн байна. Чухам энэ хотод шинэ коронавирусын халдварыг анх дэгдээсэн Шинчонжи шашны байгууллага байрлаж байгаа юм. Өмнөд Солонгосын эрх баригчид шашны байгууллагын 200 мянган гишүүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, коронавирусын халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг нягтлан тогтоохоор ажиллаж байна. Түүнчлэн Өмнөд Солонгост дэгдсэн коронавирусын халдварын улмаас АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн нэгдсэн сургуулилтыг зогсоожээ. Учир нь Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазын 23 настай цэрэг COVID-19-ийн халдвар авсан болох нь тогтоогдсон юм. Өмнөд Солонгост Америкийн 28,500 цэрэг байрладаг юм. 

ИТАЛИД COVID-19 ШИНЭ КОРОНАВИРУСТАЙ ХОЛБООТОЙГООР ОНЦГОЙ БАЙДАЛ ТОГТООЖЭЭ

Италид мөн коронавирусын халдвар эрчтэй дэгдэж, өнөөдрийн байдлаар вирусын халдвар авсан хүний тоо 453-т хүрээд байна. Сүүлийн нэг хоногт Италид вирусын халдвар авагсдын тоо эрчимтэй нэмэгдсэн гэж энэ улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа юм.

Италийн хойд нутгаар, тэр дундаа Ломбардия мужид коронавирусын халдварын тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Ломбардия мужийн төв Милан хот, мөн Венеци болон ойролцоох дүүргүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байна. Италид өнөөдрийн байдлаар коронавирусын халдвараар 12 хүн амиа алдаж, 3 хүн эдгэжээ. Италийн засгийн газраас вирусын халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд шаардлагатай бүхий л арга алхмаа авч, онцгой байдал тогтоогоод байна. Түүнчлэн улс орон даяар сургууль цэцэрлэгүүд, кино театр, олон нийтийн газруудыг хаажээ. Мөн нийтдээ 55 мянган хүн ам бүхий хэд хэдэн хотод карантин, хөл хорио тогтоогоод байна.