Үйл явдал

Хятад улс, улс оронд нь дэгдээд байгаа шинэ коронавирусын улмаас эдийн засгийн өсөлт нь буурч байгаа ч улсынхаа худалдааны салбарыг уналтад орохоос сэргийлэхийн тулд боломжтой бүхий л арга алхмаа авах болно гэдгээ мэдэгдэж байна. Шинэ коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаагаас гадны хөрөнгө оруулагчдад үүссэн нөхцөл байдал мөн хүндээр тусч байгаа юм. Хятадын худалдааны түнш улс орнууд хөл хорио, карантины дэглэмээс шалтгаалан бараа таваарын нийлүүлэлт зогсонги байдалд орохоос эмээж байна. 

Америкийн McKinsey консалтингийн компанийн тандалт судалгаагаар Хятад улс гадны зах зээлээс төдийлөн хамааралгүй байж, томоохон үйлдвэрлэгч улс орны хувиар ямар ч тохиолдолд дотоодын хэрэгцээгээ бие даан хангах чадвартай улс орон. Гэхдээ эсрэгээр Хятад улс дэлхийн томоохон экспортлогч улс орон гэдгээрээ гадагш нь нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний урсгал хумигдсанаар эдийн засагт нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй гэж тооцож байгаа юм. Хятад улс нь гадагшаа экспортолдог бараа бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэн, Европ Америк руу хамгийн олон нэр төрлийн бараа экспортолдог байна. Тэгвэл Хятадын худалдаа, аж үйлдвэрлэлийн яам коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлаас үл хамааран дэлхийн худалдааны байр байдалд сөрөг нөлөө гарахаас сэргийлэн, боломжтой бүхий л алхмаа авч ажиллана гэж мэдэгджээ. 

Тэгвэл энэ хооронд коронавирусын дэгдэлтээс шалтгаалан үйл ажиллагаагаа хумиад байсан гадны компаниуд өвчний дэгдэлт буурч байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа сэргээж байна. Тухайлбал Шанхай хотод байрлах гадны компаниудын 80% нь үйл ажиллагаагаа сэргээсэн байна.