Үйл явдал

COVID-19 шинэ коронавирусын дэгдэлтийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг үзэгч танд багцлан хүргэе...

2-р сарын 26-ны өдрийн байдлаар дэлхий дахинаа коронавирусын халдвар авсан 80,591 хүн бүртгэгдэж, 2715 хүн амиа алдаад байна. Эдгээрээс халдварт өвчин анх дэгдсэн Хятад улсад 78,064 хүн халдвар авсан нь тогтоогдсон бол сүүлийн зөвхөн нэг хоногийн дотор халдварын тохиолдол 514-өөр нэмэгджээ. 

Түүнчлэн Хятад улсын араас вирусын халдварт өвчний дэгдэлт хамгийн өндөр байгаа Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар халдварын 1146 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 11 хүн амиа алдан, сүүлийн нэг хоногт халдварын тоо 169-өөр нэмэгдсэн байна. Энэ тоо өдөр хоногоор өөрчлөгдөж, коронавирусын дэгдэлт ихэд эрчтэй байгааг үзэгч та анхааралдаа авах нь зүйтэй.  

Хятадын Нанжин хотод Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс ирсэн онгоцонд коронавирусын халдварын шинж тэмдэгтэй 3 хүн илэрснээс онгоцонд явсан 94 зорчигчийг карантинд авч тусгаарлаад байна. 

Иранд коронавирусын халдвар авсан тохиолдол 95 болж нэмэгдэн, 15 хүн амиа алдаад байна. Тэр дундаа Ираны эрүүл мэндийн дэд сайд Иража Харирчи коронавирусын халдвар авсан болохоо зарлаж, хүн амаа вирусын халдварт өвчнөөс сэргийлэн, карантины дэглэмийг сайтар дагаж мөрдөхөд уриалжээ.

Арлын Японд мягмар гарагт хэд хэдэн мужид коровирусын халдварын тохиолдол илэрсэн байна. Түүнчлэн Diamond Princess аяллын хөлөг онгоцон дээр аялж явсан бас нэгэн хүн коронавирусын халдвараар амиа алджээ. Ингэснээр Япон улсад коронавирусын халдварын тохиолдол 860 болж нэмэгдсэний 691 нь Diamond Princess хөлгийн зорчигчид байгаа юм.    

Италид COVID-19 коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж, албан ёсоор вирусын халдвар авсан 300-аад тохиолдол бүртгэгдэж, 11 хүн амиа алдаад байна. Түүнчлэн Италид дэгдсэн халдвар Европын бусад улс орнууд руу дамжин халдварлаж, өнөөдрийн байдлаар Австри, Хорват, Швейцарьт коронавирус илрээд байна. Ингэхдээ Европын орнуудад ихэнхдээ Италиас эргэн ирсэн хүмүүсээс дамжин халдвар тархаж байгааг тогтоожээ. 

COVID-19 коронавирус тив алгасан Европ тивээс Өмнөд Америкт хүрсэн байна. Италид албан ажлаар яваад Бразилд эргэн очсон 61 настай эрэгтэй коронавирусын халдвар тээгч болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн Алжир, Испани зэрэг оронд мөн сэжигтэй тус бүр нэг тохиолдол бүртгэгдээд байгаа талаар мэдээлж байна.